ЕСҮС ХРИСТИЙН

САЙН МЭДЭЭГ

5 ЭНГИЙН АЛХМААР

1

ТЭНГЭР БОЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БЭЛЭГ.
ҮҮНИЙГ ОЛЖ АВЧ, ХҮРТЭЖ БОЛОХГҮЙ.

*

Төрсөн өдрийн чинь өглөө болж байна гэж төсөөл. Ээж чинь чамд хамгийн үнэтэй бэлэг болох сүүлийн загварын Iphone-оор бэлэг барилаа. Тэгвэл чи "Хөөх, баярлалаа ээж ээ!" гэж хэлнэ. Тэгээд чи ээждээ өгөх задгай мөнгө авахаар халаасаа ухна. Хэрвээ чи үнийг нь төлөх юм бол энэ бэлэг байж таарах уу? Үгүй! Бас ээждээ төлбөрийг нь төлөх гэж байгаа чинь доромжлол болох болно.

Эсвэл аав нь өсвөр насны охиноо сургуульд сайн сургахаар урам хайрлахын тулд "Энэ жил дандаа А авбал би чамд Зул сараар машин авч өгье" гэсэн гэж үзье.

Жилийн эцсээр охин нь бүх хичээл дээрээ А авахад аав нь хэлсэндээ хүрч машин авч өгчээ. Энэ бэлэг мөн үү? Үгүй. Үнэн хэрэгтээ энэ бол гүйцэтгэлд өгсөн шагнал юм.

Бэлгийг үнэ төлбөргүй өгч, авч байх ёстой. Хэрвээ чи үнийг нь төлөх хэрэгтэй бол, эсвэл хариуд нь ямар нэг зүйл хийх хэрэгтэй бол энэ нь бэлэг биш.

Библи бидэнд Тэнгэр (мөнх амь) бол үнэгүй бэлэг гэж хэлдэг:

Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно.

Ефес 2:8-9

Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.

Ром 6:23

Тэнгэр дэх байрыг хэн ч хүртэх эрхгүй. Мөн хэн ч тэр байрыг олж авч чадахгүй.

Яагаад гэвэл...

2

ХҮН БОЛ НҮГЭЛТЭН.
ТЭР ӨӨРИЙГӨӨ АВАРЧ ЧАДАХГҮЙ.

*

Чи зургаан өндгөөр омлет хийж байлаа гэж үзье. Өндгөө нэг нэгээр нь хагалан, сав руу шарыг нь хийнэ. Хамгийн сүүлийн өндгөө хагалаад сав руу хийлээ. Гэнэтхэн чи толгойгоо эргүүлээд хамраа чимхэв. Сүүлчийн өндөг муудсан байжээ.

Чи бүгдийг нь хаяхаас өөр аргагүй. Саванд таван сайн өндөг байсан хэдий ч нэг муу өндөг бүгдийг нь муутгадаг.

Нэг муу өндөгнөөс болж муудсан омлетыг чи гэрийнхэндээ идүүлдэггүйн адил бид ганц нүглээр ч бай бузартсан амьдралыг ариун Бурханд аваачаад, үүнийг хүлээн зөвшөөрөхийг түүнээс хүлээж болохгүй.

Бурханы стандарт бол туйлын өндөр. Түүний хувьд уур хилэн бол аллагатай адилхан; тачаангуй бодол бол садар самуунтай адилхан. Нүгэл гэдэг нь зөвхөн хийдэг зүйл маань биш - харин Бурханы төгс стандартад нийцэж чаддаггүй, боддог, хэлдэг, хийдэг, тэр ч бүү хэл хийдэггүй зүйл маань юм.

Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй.

Ром 3:23

"Гэхдээ би бол сайн хүн" гэж чи бодож байж магадгүй. "Би гэр бүлээ харж халамжилдаг. Би нийгэмдээ сайн дурын ажил хийдэг. Би хулгай хийдэггүй, хэнийг ч гомдоодоггүй. Намайг мэдээж тэнгэр лүү оруулна биз дээ?"

Хэрвээ сайн амьдралаар амьдарснаар тэнгэр лүү очихыг хүсэж байвал чи ийм сайн байх хэрэгтэй гэж Есүс хэлсэн юм:

Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.

Матай 5:48

Тэнгэр лүү орох стандарт бол бодол, үйл хэргээрээ бүхэлдээ төгс байх явдал. Товчхондоо бол, чи Бурхан шиг сайн байх ёстой болно. Хүмүүний хувьд энэ стандартад хүрэх боломжгүй юм.

Бас, сайн үйлс биднийг аварч чадахгүй, яагаад гэвэл...

3

БУРХАН БОЛ ЭЛЭГСЭГ АГААД ШУДАРГА.

*

Цөхөрсөн эр банк дээрэмдэхээр шийджээ. Тэрээр теллер рүү дөхөн очиж, буугаа чиглүүлэн, мөнгө гаргаж өгөхийг шаардав.

Айсан теллер мөнгө өгчээ.

Тэрээр мөнгийг хогийн уут руу чихээд гарах хаалга руу яаравчлав. Гэхдээ замдаа хивсэнд тээглэн пид хийн унаж, буугаа унагалаа.

Шүүх хурал дээр шүүгч дээрэмчнээс "Чи юу гэж мэдүүлэх вэ?" гэж асууна.

"Буруутай" гэж тэр аяархнаар хариулжээ. Түүнд өөр сонголт байсангүй. Түүний эсрэг нотолгоо тоо томшгүй их байв.

"Эрхэм дээдэс ээ, энэ бол миний анхны хэрэг. Би хэнд ч хор учруулаагүй. Банк бүх мөнгөө авчихсан. Та миний хийснийг мартаад намайг тавьж явуулж болохгүй гэж үү?" хэмээн дээрэмчин үргэлжлүүллээ.

Хэрвээ дээрэмчнийг тавьж явуулсан бол шүүгч шударга байх уу? Үгүй, тэгэхгүй. Шүүгч хуулийг баримталдаг ба хуулиар бол тухайн хүнийг дээрэм хийсэн гэмтэй гэж үзэн, шийтгэхийг шаарддаг.

Бурхан бол ямар ч шүүгчээс илүү шударга. Тэр бидний нүглийг уучилж чадахгүй, уучлахгүй.

...Бурхан бол хайр.

1Иохан 4:8

Гэсэн ч Тэр шийтгэлгүй орхихгүй.

Гэтлэл 34:7

Энэ бол түвэгтэй байдал: Бурхан бол хайр, мөн биднийг шийтгэхийг хүсдэггүй. Гэхдээ Бурхан бас шударга бөгөөд бидний нүглийг шийтгэх ёстой.

Есүсийг илгээснээр Бурхан энэ түвэгтэй байдлыг шийдвэрлэсэн...

4

ЕСҮС БОЛ БУРХАН БА ХҮН.
ТЭРЭЭР БИДНИЙ НҮГЛИЙН ТӨЛӨӨ ШИЙТГҮҮЛСЭН.

*

Есүс бол хүний бие дэх Бурхан. Тэр ердөө сайн хүн, эш үзүүлэгч юм уу багш биш.

Эхэнд Үг [Есүс] байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв... Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.

Иохан 1:1,14

Бурхан биднийг хайрладаг боловч нүглийг маань үзэн яддаг. Тэр бидэнтэй ойр дотно харилцаатай байхаар эрмэлздэг. Харин бидний нүгэл бол биднийг түүнээс тусгаарладаг хана билээ.

Энэ асуудлыг шийдэхийн тулд Бурхан бидний урьдны, одоогийн нүглийг, түүнчлэн ирээдүйн бүх нүглийг авч, Есүст тохсон. Тэгээд тэд бидний нүглийн төлөө Есүсийг шийтгэсэн юм.

Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд [Есүст] ЭЗЭН тохов.

Исаиа 53:6

Өөрийг нь цохиж зодож, доромжилсон зэрлэг догшин хүмүүст Есүсийг гардуулан өгсөн. Түүнийг тэд нударгалан цохиж, алгадаж, түүн лүү нулимсан. Үзүүртээ төмөртэй ташуураар түүнийг ташуурдан бие махбодыг нь урж тасдаж байв.

Хүмүүс түүнийг шоолон инээж, өргөстэй титмийг толгойд нь хүчээр өмсгөжээ. Дараа нь тэд түүнийг загалмайд цовдолсон юм.

Эцэст нь, сүүлчийн нүглийн төлөөх төлөөсийг төлснийхөө дараа Есүс "Тетелестай" гэж хэлсэн билээ. Энэ нь, Төлөөсийг төлчихлөө гэсэн утгатай эртний бизнесийн үг юм.

Есүс насан эцэслэв. Гэхдээ гурван өдрийн дараа Бурхан түүнийг үхлээс амилуулжээ.

Энэ нь, чиний нүгэл аль хэдийн шийтгүүлсэн гэсэн үг. Нүгэл чинь гагцхүү чиний биеэр л шийтгүүлээгүй юм.

Бидний нүглийн төлөөсийг төлж, тэнгэр дэх газрыг бидэнд зориулан худалдаж авахын тулд Есүс загалмай дээр нас барж, үхлээс амилсан. Тэр одоо уг газрыг бидэнд үнэгүй бэлэг болгон өгч байна.

Саван байдаг ч хэрэглэсэн цагт л биеийг маань цэвэрлэж чаддагтай адилаар бэлэг оршин байгаа боловч үүнийг хүлээн зөвшөөрсөн цагт л бид ашиг тусыг нь хүртэж чадна.

Энэ бэлгийг Итгэлээр дамжуулан хүлээн авдаг...

5

ИТГЭЛ БОЛ
ТЭНГЭРИЙН ХААЛГЫГ НЭЭДЭГ ТҮЛХҮҮР ЮМ.

*

Аврах цагариг хананд өлгөөтэй байна.

Банкныхаа дансанд нэвтрэхийн тулд би нууц үгээ оруулах хэрэгтэй байдаг. Би олон нууц үг ашиглан нэвтрэхээр оролдож болно. Гэхдээ зөв нууц үгээр л нэвтэрч чадна. Аврагч итгэл гэдэг нь тэнгэрийн үүдийг нээдэг цорын ганц нууц үг билээ.

Аврагч итгэл гэдэг нь юу вэ?

Эрдэмтэн усны талаар олон баримт мэдэж болох боловч цангаж үхэхийн даваан дээр элсэн цөлд мөлхөж явахад толгой дахь мэдлэг нь түүнийг аврахгүй. Тэрээр ус л уух хэрэгтэй. Бурхан оршдог хэмээх мэдлэг нь аврагч итгэл биш юм.

Бид аялалд явахынхаа өмнө Бурханаас хамгаалалт гуйн залбирч, эсвэл шалгалт өгөхийнхөө өмнө тусламж гуйн залбирч магадгүй юм. Хэрэгтэй үедээ юм уу хямралтай үедээ Бурханд хандах нь түр зуурын итгэл мөн.

Аврагч итгэл гэдэг нь Бурхан байгаа хэмээх мэдлэг биш, түр зуурын итгэл ч биш. Жинхэнэ аврагч итгэл гэдэг нь гагцхүү Есүс Христ л мөнх амь гэдэгт итгэх явдал юм.

Тэр тэднийг гаргах зуураа, —Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв.
Тэд, —Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.

Үйлс 16:30-31

Чи завиар явж байлаа гэж төсөөл. Гэтэл догшин шуурга шуурч, асар том давлагаа жижигхэн завийг чинь хэмхчиж байна. Нэгэн давлагаа завийг чинь живүүлж, чи ганцхан модноос цөхрөлтгүй зууран мөстэй усан дунд унажээ.

Нэгэн усан онгоц чамайг олж хараад яаравчлан ойртов. Онгоцны ахмад шатны бариул руу дөхөн ирж, "Хөөе! Би чамд аврах бүс шидье. Бариад аваарай! Бид чамайг аварна" гэж хашхирлаа.

Үүнтэй адилаар Бурхан биднийг нүгэлдээ живж байна гэж хардаг. Бид өөрсдийгөө аврах чадалгүй. Иймээс тэр бидэн рүү "Би чам руу аль хэдийн аврах бүс шидчихсэн. Түүний нэрийг Есүс гэдэг. Зуурч байгаа модоо тавь, Есүсээс барь, тэгвэл би чамайг аварна" гэж хашхирдаг.

(Өөрсдийгөө аврахаар оролдон) хэрчим модтой зууралдсаар байх уу, эсвэл модоо тавиад биднийг аварна гэж Есүст найдах уу гэдгээ бид сонгох ёстой.

Есүс бол мөнх аминд хүрэх цорын ганц зам. Тэр бол Бурханы цорын ганц аврах бүс. Мөнх амийн бэлгийг хүлээн авахын тулд бид ганцхан Есүс Христэд л итгэх ёстой.

ЭНЭ ЧАМД УТГА УЧИРТАЙ САНАГДАЖ БАЙНА УУ?

*

Чи үүнийг тохиолдлоор уншиж байгаа юм биш. Бурхан чамд хайртай. Тэр чиний нүглийг уучилж, өөрийн гэр бүлд байр суурь өгөхийг хүсэж байна.

Чи мөнх амийн бэлгийг хүлээн авахыг хүсэж байна уу?

Дагаж мөрдөх түвэгтэй зан үйл байдаггүй. Гуйснаар л уг бэлгийг хүлээн авдаг.

Хэрвээ чи тэгье хэмээн хариулж байгаа бол дараах залбирлыг хэлээрэй:

Хүндэт Есүс минь. Би бол нүгэлтэн. Би мөнх амийн үнэгүй бэлгийг хүлээн авахыг хүсэж байна. Та бол Бурханы хүү гэдэгт би итгэдэг. Та миний төлөө үхсэн гэдэгт би итгэдэг. Та үхлээс амилсан гэдэгт би итгэдэг. Би ганцхан танд итгэлээ өгөхийг сонгож байна. Мөнх амийн үнэгүй бэлгийг өгсний төлөө танд талархъя. Амен.

Чиний дөнгөж сая хэлсэн зүйлийн талаар Есүс ингэж хэлсэн юм:

Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэн итгэнэ, тэр мөнх амьтай.

Иохан 6:47

Энэ нь, итгэнгүүтээ бид мөнх амийг хүлээн авдаг гэсэн үг юм. Итгэсэн учраас чи үүнийг хүлээн авсан.

Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ.

Иохан 1:12-13

Одоо чи Бурханы гэр бүлийн нэг хэсэг мөн. Чиний хийдэг юу ч үүнийг өөрчилж чадахгүй - нярай хүүхэд төрмөгцөө буцаад төрөөгүй хүүхэд болж чадахгүй.

Чиний өнгөрсөн, одоо, ирээдүйн нүглүүд уучлагдсан. Бурханы нүдээр бол чи гэрэлтсэн цэвэр ариун байгаа ба үргэлж тийм байх болно. Яг л Есүстэй адил.

ЧИ АЙЖ ЭМЭЭДЭГ ЗАРЦ БАЙХАА БОЛЬСОН...

Хүүхэд эцгийнхээ гар дээр байна.

ЧИ БОЛ

БУРХАНЫ ХҮҮХЭД